ӨРГӨМЖИТ КОНСУЛУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд Э.Сарантогос 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Канад Улсад томилогдон ажиллаж буй Монгол Улсын Өргөмжит консулуудтай уулзалт хийж, Монгол, Канадын харилцааг урагшлуулахад чиглэсэн энэ оны зорилтууд, тэргүүлэх чиглэл, хийх ажлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Альберта муж дахь Өргөмжит консул Питер Уоллис хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор бизнес, соёл, боловсролын салбарын харилцааг нэмэгдүүлэх, Өмнөговь аймаг ба Альберта муж хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Квэбэк муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Пол Лэмэй ирэх 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монреаль хотноо болох “Sial Canada” агри-хүнсний үзэсгэлэн худалдаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд оролцоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа мэдээлэв.

Онтарио муж дахь Өргөмжит консул Браён Вилферттэй 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр уулзаж, Онтарио мужтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлж, соёлын солилцлоог өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав.
Элчин сайд Э.Сарантогос энэ онд эдийн засаг, бизнес, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр түлхүү анхааран ажиллах, 2026 онд төлөвлөгөө гарган ажиллах талаар Өргөмжит консулуудтай ярилцав.