EARNSCLIFFE STRATEGIES БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Өнөөдөр Элчин сайд Э.Сарантогос Канадын “Earnscliffe Strategies” байгууллагын Ахлах зөвлөх Виктор Неагутай уулзлаа. В.Неагу “Earnscliffe Strategies” байгууллагын үйл ажиллагаа, засгийн газар, олон нийтийн харилцаа, худалдааг төрөлжүүлэх, бизнесийн түншлэл, бизнес хөгжлийн чиглэлд байгууллага, бизнесүүдийг дэмжиж ажилладаг талаар мэдээлэл өглөө.
Элчин сайд Э.Сарантогос Монгол, Канадын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Канадын Засгийн газрын хөгжлийн тусламжийн төслүүдийн талаар товч мэдээлэл өгч, Канадын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд хоёр орны харилцаа шинэ түвшинд хөгжиж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжууд нэмэгдэж байгааг онцлов.
Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологийн салбарт нэмэгдүүлэх, хоёр орны бизнесүүд хооронд хэлхээ холбоо тогтоох, бизнес уулзалт, форум зохион байгуулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.