МОНГОЛ, КАНАДЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ТЭЛЖ БАЙНА🇲🇳🇨🇦
Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ур чадварын шилжилт” (SkillShift) төслийн албан ёсны нээлт 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо.
Уг төслийг Монгол Улсын Боловсролын яам Канадын Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудын холбоо (CICan)-той хамтран таван жилийн хугацаанд Төв аймгийн Баянчандмань, Ховд аймгийн Ховд-Хөгжил, Архангай аймгийн политехник коллежуудыг түшиглэн хэрэгжүүлэх бөгөөд төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй залуусын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэх юм.

Канад Улсын Засгийн газар энэ оноос “Хөгжлийн төлөөх тэтгэлэг ба боловсролын солилцооны хөтөлбөр” (Scholarships and Educational Exchanges for Development)-ийн хоёрдугаар шат (SEED-2)-нд Монгол Улсыг хамруулах боллоо.
Уг тэтгэлэгт хамрагдсанаар Монголын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад Канад Улсад богино хугацаагаар (4–8 сарын хугацаагаар) сурах эсхүл судалгаа хийх боломж нээгдэж байгаа юм.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан нь Канадын аль нэг сургалтын байгууллагатай хамтын ажиллагаатай Монголын сургалтын байгууллагад суралцагч оюутан байх шаардлагатай бөгөөд тухайн сургалтын байгууллага нь оюутны нэрийг Канадын сургалтын байгууллагад дэвшүүлнэ. Тэтгэлэгт хамрагдах өргөдлийг оюутны нэрийн өмнөөс Канадын боловсролын байгууллага Канадын Засгийн газарт гаргах юм байна.