images

САР ШИНИЙН БАЯРЫН ЗОЛГОЛТ ОТТАВА ХОТНОО БОЛОВ

Элчин сайдын яамны мэдээ

2026-02-18

8

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Арван долдугаар жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр тус улсад оршин сууж байгаа монгол иргэдээ хүлээн авч, уламжлалт Цагаан сарын баяраа хамтдаа тэмдэглэв.

Цагаан сарын баярын арга хэмжээнд Канад Улсын Оттава, Монреаль, Торонто хотуудад ажиллаж амьдардаг монгол иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Мөн Торонтогийн Их Сургууль, Оттавагийн Их сургууль, Карлтоны Их сургууль, Алконкүин коллежийн монгол оюутнууд Элчин сайдын яамандаа зочлов.

Сар шинийн баярын уламжлал, зан заншлыг хүндэтгэн монгол иргэдээс гадна Монголыг сонирхдог канад болон бусад улсын иргэд мөн хүрэлцэн ирж, хамтдаа баярласан нь Цагаан сар нь Монгол үндэстний уламжлалт их баяр гэдгийг улам тодотгож байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монреаль хотод оршин суудаг иргэн Б.Цогтсайханыг эх орныхоо урлаг, соёл, уламжлалыг гадаад улсад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь үнэлж, төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнасныг Элчин сайд Э.Сарантогос арга хэмжээний үеэр гардуулав.

Сар шинийн баяраар Канад Улсад ажиллаж амьдарч буй монголчууд цугларч, уламжлалт баяраа хамтран тэмдэглэдэг сайхан уламжлалт тогтоод байна.