images

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД PDAC-2026 ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Элчин сайдын яамны мэдээ

2026-03-01

24

🔹Канад Улсын Торонто хотноо 2026 оны 3 дугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбооны PDAC-2026 олон улсын уул уурхайн чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй төр, засаг, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов. 84 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг чуулга уулзалтад Монгол Улс 1997 оноос эхлэн оролцож байна.

🔹Чуулга уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын үндэсний уул уурхайн ассоциаци, Канад-Монголын худалдааны танхим хамтран уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, стратегийн төслүүдийг сурталчлах “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Канадын уул уурхайн салбарын хамтын ажиллагаа хариуцлагатай уул уурхай, геошинжлэх ухааны чиглэлд өргөжин тэлж байна. Энэ удаагийн “Монголын өдөр” арга хэмжээнд манай улсаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөөс гадна Канадын Геологийн алба болон Уул уурхайн ассоциацийн удирдлага оролцож, Монгол, Канадын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаа нь чухал ач холбогдолтой”-г онцлов.

🔹“Монголын өдөр” арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үндсэн илтгэл танилцуулав. Түүнчлэн, “Азийн Батерей Металс”, “Эрдэнэ Ресурс Девелопмэнт”, “Эрдэнэ Монгол” зэрэг компаниуд Монгол дахь төслийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, төгсгөлд нь Монгол, Канадын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэв.

🔹Чуулга уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Канадын Парламентын Нийтийн танхимын гишүүн, Эрчим хүч, байгалийн нөөцийн сайдын Парламентын Нарийн бичгийн дарга Клод Гэ, Парламентын Нийтийн танхимын гишүүн, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн Байнгын хорооны дарга Ахмед Хуссэн болон зарим компанийн төлөөллүүдтэй уулзав. Мөн Уул уурхайн сайд нарын олон улсын уулзалтад оролцож, Канадын болон бусад улс орноос хүрэлцэн ирсэн Уул уурхайн сайд нартай уулзаж танилцав.