“ТИВ ДАМНАСАН ХӨӨМИЙ” НИЙТЛЭЛ КАНАДЫН “ДИПЛОМАТ” СЭТГҮҮЛД ГАРАВ 🇲🇳🇨🇦
Канадын “Дипломат” сэтгүүлийн энэ хаврын дугаарт “Тив дамнасан хөөмий” нийтлэл хэвлэгдлээ. Нийтлэлд Монгол Улсын Морин хуурын чуулгын гоцлол хөөмийч, морин хуурч Н.Ашит Канад Улсын инуит соёлын “Нунавут Сивуниксавут” коллежийн 40 жилийн ойн арга хэмжээнд оролцсон талаар танилцуулжээ.
Хөөмийч Н.Ашит нь дээрх ойн хүндэтгэлийн тоглолтод инуит дуучин Шарлотт Каманик, Бернис Ниакрок нартай хамтран хөөмийлсөн төдийгүй инуит оюутнуудад монгол хөөмийн тухай танилцуулга хийснийг нийтлэлд онцлохын хамт монгол хөөмий ба инуит хөөмийн тухай ойлголтыг уншигчдад хүргэжээ.
Н.Ашит нь 2025 оны 10 дугаар сард тус ЭСЯ-ны урилгаар Канад Улсад монгол хөөмийн цуврал арга хэмжээнд оролцож, Канадын нийслэл Оттава болон Торонто (Ричмонд Хилл), Александрия хотод “Хуурын эгшиг, хөөмийн уянга” тоглолтоо уран бүтээлч Г.Тунгалагийн хамт толилуулсан билээ.
Байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх уламжлалаар холбогдсон манай хоёр ард түмний харилцан ойлголцол, хэлхээ холбоог гүнзгийрүүлэн дэмжих нь Монгол, Канадын харилцааг нэгдмэл үнэт зүйлсдээ тулгуурлан хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг Элчин сайд Э.Сарантогос онцолсныг уг нийтлэлд мөн дурдсан байна.
Монголын соёл урлаг, түүх уламжлалыг Канадын төр засаг, олон нийтэд сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлж буй “Дипломат” сэтгүүлийн хамт олон, сэтгүүлч Улле Баум нарт талархал илэрхийлж, уран бүтээлийн амжилт хүсье!

