КАНАД ДАХЬ МОНГОЛ СУДЛАЛЫН ФОРУМЫН ИЛТГЭЛҮҮДИЙН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА🇲🇳🇨🇦
Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024, 2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа. 
Уг эмхэтгэлд Канад дахь монгол судлаач эрдэмтдийн Монголын түүх, соёл, уламжлал, археологи зэрэг өргөн хүрээний сэдвээр хийсэн судалгааны сацуу бүс нутагт Монгол Улсын эзлэх байр суурь, гадаад бодлого, хөгжлийн тулгамдсан асуудлууд, Монгол, Канадын харилцааны ач холбогдол зэрэг сэдвээр хоёр орны нэр хүнд бүхий судлаачдын тавьсан илтгэлүүд багтсан болно. 
Дээрх товхимол нь Канад дахь монгол судлалын түүх, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаарх монгол судлаачид болон уншигчдын эрдэм мэдлэгт нэмэр болохын зэрэгцээ тэдэнд судалгааны чиглэлээр харилцаа холбоо үүсгэх гүүр болж, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлнэ гэж итгэж байна. 
Мөн энэхүү товхимол нь хагас зуун жилийн түүхтэй Канад дахь монгол судлалын тулгын чулууг тавилцсан эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн дурсахын зэрэгцээ тус улс дахь монгол судлалыг цаашид хэрхэн дэмжин хөгжүүлэх, гүнзгийрүүлэн өргөжүүлэх талаарх орчин үеийн судлаачдын санал санаачлага, бодол санааг тусгаснаараа чухал юм. 
Тус ЭСЯ Монгол, Канадын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд Канад дахь монгол судлалыг сэргээн идэвхжүүлэх, эрдэмтэн судлаач хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилгоор 2023 онд Торонтогийн Их сургуультай хамтран монгол судлалын хурал зохион байгуулснаас хойш монгол судлалын форумыг жил бүр зохион байгуулж байгаа билээ. 
Дээрх хүчин чармайлтын нэгэн үр дүн болох “Mongolian Studies Forum in Canada” товхимол нь эрдэмтэн судлаачид төдийгүй Монголд сэтгэлтэй, Монголыг сонирхдог хэн бүхний оюуны хэрэгцээнд тус нэмэр болно гэдэгт найдаж байна.
Эмхэтгэлийн цахим хувилбарыг доорх холбоосоор орж үзнэ үү: https://online.flippingbook.com/view/633977206/...