ЭЛЧИН САЙД НОВА СКОШИА МУЖИД АЖИЛЛАВ
Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 5 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Канад Улсын Нова Скошиа мужийн нийслэл Халифакс хотноо ажиллаж, Канад Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулан тус улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан Нова Скошиа муж дахь эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээнд оролцов.
Энэ хүрээнд Элчин сайд тус мужийн Амбан захирагч Майк Саважтай ёслолын уулзалт хийж, Ерөнхий сайд Тим Хьюстон, Хууль тогтоох ассамблейн дарга Дэниелл Баркхаус, Шадар сайд Барбара Адамс болон тус мужийн засгийн газрын эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгалийн нөөц, кибер аюулгүй байдал зэрэг асуудал хариуцсан албан тушаалтнуудтай ярилцаж, санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос Нова Скошиагийн бизнесийн төлөөлөл манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулахын сацуу Дальхаузийн Их сургуульд “2+2” хөтөлбөрийн хүрээнд манай улсаас оюутнууд суралцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, цаашид оюутан сургах хүрээг тэлэх, тээвэр, логистикийн чиглэлд хамтран ажиллах боломжийг судлахаар ярилцав.
Канад Улсад суугаа нийт 40 гаруй улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн оролцсон дээрх арга хэмжээний хүрээнд Элчин сайд Э.Сарантогос мөн өндөр технологи, батлан хамгаалах салбарын инноваци, эрүүл мэндийн судалгаа зэрэг чиглэлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Халифаксын боомтыг үзэв.
Нова Скошиа муж нь эрүүл мэндийн инновацийн хаб байгуулахын сацуу сүүлийн үед хиймэл оюун ухаан, сансрын технологи, далай дээр эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд ахиц дэвшил гаргаж байгаа бөгөөд Халифакс боомт нь том оврын хөлөг онгоц хүлээн авах чадвартай гүн устай боомт юм.
