ОТТАВА ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮД “ГРУВИ ЮРТС” СУУРИНД ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙВ
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Канад Улс дахь Монгол Улсын Соёлын элч Ив Балленеггер, Оттава хот дахь монгол сургуультай хамтран хүүхдийн баярыг угтуулан монгол соёл, уламжлал, ахуй, зан заншилтай танилцах аяллыг тус сургуульд суралцаж буй хүүхдүүдэд зориулан 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Александрия хот дахь “Груви Юртс” сууринд зохион байгууллаа.

Танилцах аяллын хүрээнд Монгол Улсын Соёлын элч бөгөөд “Груви Юртс” компанийн захирал И.Балленеггер хүүхдүүдтэй хамт монгол гэр барьж, монгол гэр, монгол нүүдэлчний соёл, үнэт зүйлсийн талаар яриа өрнүүлэв. Багш Ж.Дагийнжанчив, Б.Энхтунгалаг нар хүүхдүүдийн дунд “Миний Монгол” сэдэвтэй асуулт, хариултын “АХА” тэмцээн зохион байгуулж, сурагч Э.Нарандулам, Э.Наранлхам нар тэргүүн байр эзлэн “Өргөмжлөл” хүртэв.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн хүрээнд эх хэл, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, Канад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёл, уламжлалын мэдлэгийг дэмжих зорилгоор тус ЭСЯ-наас санаачлан зохион байгуулсан уг танилцах аялалд Оттава дахь монгол сургуульд суралцаж буй хүүхдүүд, тэдний эцэг, эх, багш нар, ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо.
