КАНАД УЛСЫН ШИНЭ АМБАН ЗАХИРАГЧ ТАНГАРГАА ӨРГӨЖ, ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРОВ
Канад Улсын шинэ Амбан захирагч Луиз Арбор энэ сарын 8-ны өдөр тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа оров. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос Канад Улс дахь Ази, Номхон далайн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын бүлгийн даргын хувиар дипкорпусын тэргүүн болон бусад бүсийн Элчин сайд нарын хамт уригдаж оролцов.
Амбан захирагчийг хүндэтгэн Ридү-гийн ордонд зохион байгуулсан хүлээн авалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос Канадын Амбан захирагч Эрхэмсэг хатагтай Луиз Арбортай мэндчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баярын мэндчилгээг уламжлав.
Энэ үеэр Элчин сайд мөн Канад Улсын Ерөнхий сайд Марк Карнитай уулзаж, Монгол, Канадын харилцааны талаар ярилцав. М.Карни-г Монгол Улсад айлчлах Канадын анхны Ерөнхий сайд болно гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийлэв.

Луиз Арбор нь НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар, Канадын Дээд шүүхийн шүүгч, Олон улсын хямралын асуудлаарх бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, хуучин Югослав, Руанда-гийн асуудлаарх Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокуророор ажилласан, олон улсын эрх зүй, хүний эрх, олон талт хамтын ажиллагааны чиглэлээр мэргэшсэн. Түүнийг Канад Улсын 31 дэх Амбан захирагчаар томилсныг Чарльз III Хаан баталсныг Ерөнхий сайд М.Карни 5 дугаар сарын 5-ны өдөр зарласан билээ.