“ДИПЛОМАТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР” ФОРУМ ОТТАВА ХОТНОО БОЛОВ
Канад Улсад суугаа Эмэгтэй Элчин сайд нарын бүлгээс “Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Эдийн засаг, ахиц дэвшил ба чадавхжуулалтын хүрээн дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт форумыг Оттава хотноо 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.
Эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцоог дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн уг арга хэмжээнд Канадын төр засаг, хувийн хэвшил, хүний эрхийн болон эдийн засаг, санхүү, судалгааны байгууллагууд, төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд, холбоодын төлөөлөл болон Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар зэрэг 100 орчим зочин төлөөлөгчид уригдан ирэв. Арга хэмжээнд Канад Улсын Сенатын танхимын дарга Эрхэмсэг хатагтай Рэймонд Ганье хүндэт зочноор оролцож, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар илтгэл тавив.
Тус арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгээс тусгайлан дэвшүүлсэн мэндчилгээг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд толилуулав.

Арга хэмжээний хүрээнд “Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо” болон “Эмэгтэйчүүдийн ахиц дэвшил, чадавхжилт” сэдвээр зохиогдсон хоёр хэлэлцүүлэгт Канадын Сенат болон парламентын гишүүд, дипломат алба, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгмийн оролцоо, мөн үүнтэй холбогдох бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар санал солилцож, яриа өрнүүлэв.
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос дээрх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт орж ажиллав.
