ОУИНБ-ЫН ДЭРГЭД СУУГАА ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОТТАВА ДАХЬ АЛБАН БУС АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

ОУИНБ-ын дэргэд суугаа Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Оттава дахь Албан бус ажлын хэсгийн төлөөлөл 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын Зөвлөлийн Ерөнхийлөгч Т.Онума болон Ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазартай уулзав.
Уулзалтад Албан бус ажлын хэсгийн зохицуулагч Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос, Бүгд Найрамдах Армени Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Анаит Арутюнян, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Барат Аж Падул, Бүгд Найрамдах Казахстан Улсаас ОУИНБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Тимур Тлегенов, Бүгд Найрамдах Уганда Улсын ОУИНБ-ын Зөвлөлд суугаа төлөөлөгч Каббс Твижуке нар байлцав.
Албан бус ажлын хэсгийн төлөөлөгчид Т.Онумад ОУИНБ-ын Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаад баяр хүргэв. Тэрбээр Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон анхны ерөнхийлөгч юм.

Элчин сайд нар уулзалтаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд агаарын тээвэр нь худалдаа, эдийн засаг, хөгжлийн амин чухал холбоос болохыг онцолж, ОУИНБ-аас “ДГХБО-ын агаарын тээврийн салбарт тулгамдаж буй хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгаа”-г эхлүүлэх болсонд талархал илэрхийлэв. Талууд судалгааны хамрах хүрээ, хэрэгжих хугацаа зэрэг асуудлаар мэдээлэл, санал солилцов.
Элчин сайд Э.Сарантогос Монгол Улс олон улсын байгууллагын түвшинд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж ирснийг онцолж, Улаанбаатар хотод байрлах ДГХБО-ын Олон улсын судалгааны төв судалгааг хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлснийг уламжлав.
Албан бус ажлын хэсгийн төлөөлөгчид мөн судалгааг хариуцан ажиллах Төслийн багийнхантай уулзаж, хэрэгжилтийн явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.

Манай улс ОУИНБ-ын Ассамблейн 41 дүгээр чуулганаар санаачлан батлуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын агаарын харилцааг дэмжих тухай” А41-WP/61 Ажлын баримт бичгийн мөрөөр хэрэгжих дээрх судалгаа нь далайд гарцгүй орнуудад чиглэсэн ийм төрлийн анхны судалгаа юм.
Далайд гарцгүй хөгжиж буй 32 улс байдаг бөгөөд эдгээр орнуудын хувьд тээврийн зардал нь далайд гарцтай орнуудтай харьцуулахад 50 хувиар өндөр байдаг байна. Иймд ОУИНБ-аас хэрэгжүүлэх судалгаа нь далайд гарцгүйгээс шалтгаалан эдгээр орнуудад тулгамдаж буй асуудлыг олон улсад таниулах, тоо баримтад тулгуурласан бодит шийдэл олоход дөхөм үзүүлэх юм.