images

Монгол Улсын төлөөлөгчид Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурлын 15 дугаар хуралдааны өндөр түвшний уулзалтад оролцож байна

Элчин сайдын яамны мэдээ

2022-12-16

388

Канад Улсын Монреаль хотноо 2022 оны 12 дугаар сарын 15-17-ны өдөр зохиогдож буй Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурлын 15 дугаар хуралдаан (КОП 15)-ы өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд тэргүүтэй манай улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид оролцож байна.

Хуралдааныг нээж БНХАУ-ын Экологи, байгаль орчны сайд Хуанг Рунжи үг хэлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин илгээлт ирүүлсэн бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Ч.Көрөши, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед, Канад Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Гилбо, Канад Улсын Квебек мужийн Ерөнхий сайд Ф.Лего, Биологийн олон янз байдлын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Э.М.Мрема нар үг хэлэв.

КОП 15 хуралдаанд уг конвенцын оролцогч улсууд 2021 онд БНХАУ-ын Күнмин хотноо хийсэн хэлэлцээг үргэлжлүүлж, дэлхийн биологийн олон янз байдлын 30 хувийг 2030 он гэхэд хадгалж үлдээх зорилгоор тогтвортой санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Манай улсын төлөөлөгчдийн тэргүүн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх бөгөөд мөн өдөр БОАЖЯ “The Nature Conservancy” төрийн бус байгууллагатай хамтран биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар арга хэмжээ зохион байгуулна.