Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурлын 15 дугаар хуралдааны өндөр түвшний уулзалтад үг хэлэв
Канад Улсын Монреаль хотноо болж буй Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурлын 15 дугаар хуралдаан (КОП15)-ы өндөр түвшний уулзалтад оролцож буй манай улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд Монгол Улсын байр суурийг илэрхийлж 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Биологийн олон янз байдлын 2020 оноос хойшхи даян дэлхийн үзэл баримтлалыг боломжит өндөр хэмжээнд, хүрэх боломжтой, хэмжих боломжтойгоор батлагдана гэдэгт итгэж байгаагаа нотлохын ялдамд дэлхий нийтээр хөгжлийн түвшнээс үл хамааран хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлов. Түүнчлэн Монгол Улс тусгай хамгаалалтад хамруулсан одоогийн 21 хувийг 2030 он гэхэд 30 хувь, 2050 гэхэд 35 хувьд хүргэх зорилтыг урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ тусгасныг мэдэгдэв.
Мөн өдөр Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам “The Nature Conservancy” төрийн бус байгууллагатай хамтран биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын байгалийн унаган байдал, эко системийг хадгалан хамгаалах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү Канад Улсын ойжуулалтын “Brinkman Reforestation” компанийн ерөнхийлөгч Дирк Бринкмантай уулзаж, “Тэрбум мод” санаачилгыг хэрэгжүүлэхэд зөвлөгөө авах, хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.